Monday, September 27, 2010

Аливаа эхлэл... ажлын 50%

Аргын тооллын 2010.09.25 ны өдөр буюу билгийн тооллоор намрын дунд сарын 17 ны билэгт сайн өдөр урт хугацаагаар хүсэн мөрөөдөж байсан ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийнхөө нээлтийг хийлээ.



Амьдрал гэдэг бол уул, бид удаан өгсөж, хурдан урууддаг... энэ бол манай Хөгжил клубыхны хэлэх дуртай үгсийн нэг. Бид амьдралдаа маш олон уулыг давдаг. Зарим нь намхан, зарим нь өндөр, зарим нь оройг нь харахаас ч үл зүрхлэмээр... Тодруулбал бидний зорилготой адил. Том,жижиг олон янзын зорилгууд...

Миний хувьд амьдралдаа давах ёстой том давааны маань нэг яах аргагүй хүүхдийн хөгжлийн төв билээ. Эрхэм зорилго маань хүүхэд бүхний зүрх сэтгэлд хүрч ажиллах. Би тэдний аз жаргалтай, сэтгэл хангалуун, гал цогтой нүдийг харах дуртай. Хүүхэд бүхний цэвэр ариун зүрх сэтгэлийг хэвээр хадгалан, сэтгэлийн болоод харилцааны өндөр боловсролтой, амьдралын зорилготой, эх оронч сэтгэлгээтэй байж, өөрөө өөрийнхөө болон эх орныхоо жинхэнэ эзэн нь болгож өсгөхийн төлөө өөрийн бүхий л оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллах болно.

Миний амьдралдаа давах учиртай хамгийн өндөр уулруугаа авирах маш хүнд аялал яг одоо, эндээс эхэлж байна... Өмнө минь олон янзын саад бэрхшээлүүд гарч ирнэ. Гэсэн хэдий ч би өөрөө өөрийнхөө, оюун санаа, сэтгэл зүрхнийхээ эзэн нь байж чаддаг учир Миний үнэт зүйлрүү хэн ч халдаж үл чадна. Аливаа эхлэл аливаа зүйлийн тавин хувь нь байдаг. Тиймээс талд нь хүртэл авирсан энэ өндөр оргилруу хамаг хүчээрээ авирах болно.
Өөртөө амжилт хүсье.