Wednesday, April 28, 2010

Бэрхшээл бүхэндээ талархъя

Амар хялбарын цаана амжилт байдаг бол бүх хүн л амжилтанд хүрэх байсан. Гэвч бүх хүмүүс амжилтанд хүрдэггүйн учиг бэрхшээлд дургүйд оршино. Аливаа ажил, амьдрал, харилцаанд тохиолдож буй бэрхшээл бүхэн бидний төлөө, биднийг улам бүр өндөр амжилтанд хүргэхийн тулд оршдог. Биднийг улам илүү чадварлаг, сайн сайхан байлгахын тулд, бидний аз жаргал, сэтгэл ханамжийг илүүтэй мэдрүүлэхийн тулд... байдаг.

Жишээлбэл: Ханиад хүрээд, халуурч нэг өдөр магадгүй гурав хоног орондоо хэвтээгүй хүн эрүүл байхын аз жаргалаа төдийлөн анзаардаггүй. Ганц бие хүний зовлонг сонсоогүй бол гэр бүлтэйнхээ жаргалыг мэдэрдэггүй...гэх мэт.

Тодруулбал: гэр бүлийн хувьд үүссэн зөрчил биднийг бие биетэйгээ халуухан яриа үүсгэх боломж олгон, улмаар бие биесээ гүн гүнзгий ойлгож, улам бүр хайрлахын эх үүсвэр болдог. Үнэндээ ямар нэг маргаан зөрчил гараагүй бол бид сэтгэлдээ буй зүйлийг төдийлөн гүн гүнзгий ярьдаггүй. Тиймээс л тэрхүү үл ойлголцлын бэрхшээлийн цаана гүн ойлголцол нуугдаж байдаг учир энэхүү бэрхшээлд талархахаас өөр аргагүй.

Яг одоо миний ажилд бас нэгэн том бэрхшээл гарч ирчихээд л байна. Харин би түүнийг миний ажлыг улам бүр амжилттай болгох, миний хүсэл мөрөөдлийг биелэхэд дэм болох улам бүр илүү боломж, нөхцөл гарч ирэх гэж байгаа юм байна... хэмээн бодон, итгэл дүүрэн улам шаргуу ажиллаж байна...

Бэрхшээл танд талархъя.

Saturday, April 17, 2010

Цаг нь болохоор цэцэг ногоо саадгүй ургадаг

Зорилготой хүмүүсийн хувьд төлөвлөсөн ажил нь товлосон хугацаандаа биелэхгүй байх тохиолдол олон байдаг. Тэр үед ихэнх хүмүүсийн хувьд л урам хугардаг..., магадгүй аль нэг, эсвэл хэд хэдэн зорилт нь удаан хугацаагаар биелэхгүй байх үед өөртөө итгэл алдрах, чадахгүй юм байна, бүтэхгүй юм байна хэмээн шантардаг...

Тэгвэл тэр үед танд "Цаг нь болохоор цэцэг ногоо өөрөө аяндаа, саадгүй ургадаг" байгалийн хууль тус болно. Үнэхээр хавар болохоор, цэцэг ногоо хэний ч туслалцаагүйгээр өөрөө аяндаа л ургадаг. Өвөл мянгантаа хүсээд ч гадаа буй модыг навчислахыг харахгүй. Түүнтэй адил үнэхээр бидний зорилт биелэгдэх цаг хугацаа нь болсон бол өөрөө аяндаа л энергийн хуулиар зохицуулагдан, хэрэгтэй цагтаа, хэрэгтэй хүмүүстэйгээ уулзаж бүх зүйл ногоон гэрэл, цагаан шугамаар хялбархан бүтэх болно.

Тиймээс зорилт тань биелэгдэхгүй байгаа үед: "Биелэх цаг нь болоогүйг бодоход ямар нэг зүйл нь дутуу байгаа юм байна" гээд, тухайн зүйлээ улам бүр задлан шинжилж, олон өнцгөөс нь харж, яг юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа, юу дутагдаж байгаа, одоо юу юу нэмж хийвэл улам илүү сайн болж болохыг илрүүлэн, улам бүр боловсронгүй болгоорой... Тийнхүү гуних завгүй ажиллаж байтал нэг л мэдэхэд зорилт тань биелэж, таныг дараагийн том зорилтруу урин дуудах болно.

Хүн бүхэнд төлөвлөсөн ажил нь сэтгэлчлэн бүтэх боломжийг олгох уужуу ухаан, тууштай зан чанар, хичээл зүтгэлийг хүсье.