Saturday, April 17, 2010

Цаг нь болохоор цэцэг ногоо саадгүй ургадаг

Зорилготой хүмүүсийн хувьд төлөвлөсөн ажил нь товлосон хугацаандаа биелэхгүй байх тохиолдол олон байдаг. Тэр үед ихэнх хүмүүсийн хувьд л урам хугардаг..., магадгүй аль нэг, эсвэл хэд хэдэн зорилт нь удаан хугацаагаар биелэхгүй байх үед өөртөө итгэл алдрах, чадахгүй юм байна, бүтэхгүй юм байна хэмээн шантардаг...

Тэгвэл тэр үед танд "Цаг нь болохоор цэцэг ногоо өөрөө аяндаа, саадгүй ургадаг" байгалийн хууль тус болно. Үнэхээр хавар болохоор, цэцэг ногоо хэний ч туслалцаагүйгээр өөрөө аяндаа л ургадаг. Өвөл мянгантаа хүсээд ч гадаа буй модыг навчислахыг харахгүй. Түүнтэй адил үнэхээр бидний зорилт биелэгдэх цаг хугацаа нь болсон бол өөрөө аяндаа л энергийн хуулиар зохицуулагдан, хэрэгтэй цагтаа, хэрэгтэй хүмүүстэйгээ уулзаж бүх зүйл ногоон гэрэл, цагаан шугамаар хялбархан бүтэх болно.

Тиймээс зорилт тань биелэгдэхгүй байгаа үед: "Биелэх цаг нь болоогүйг бодоход ямар нэг зүйл нь дутуу байгаа юм байна" гээд, тухайн зүйлээ улам бүр задлан шинжилж, олон өнцгөөс нь харж, яг юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа, юу дутагдаж байгаа, одоо юу юу нэмж хийвэл улам илүү сайн болж болохыг илрүүлэн, улам бүр боловсронгүй болгоорой... Тийнхүү гуних завгүй ажиллаж байтал нэг л мэдэхэд зорилт тань биелэж, таныг дараагийн том зорилтруу урин дуудах болно.

Хүн бүхэнд төлөвлөсөн ажил нь сэтгэлчлэн бүтэх боломжийг олгох уужуу ухаан, тууштай зан чанар, хичээл зүтгэлийг хүсье.

No comments:

Post a Comment