Tuesday, November 30, 2010

Өөртөө үнэнч байж, үнэ цэнэтэй амьдралыг бүтээцгээе


Өнөөдөр 12 дугаар сарын 1, дэлхий нийтээрээ хайртдаа үнэнч байхыг уриалдаг өдөр.
Харин миний хувьд хайртдаа бус өөртөө үнэнч байж, үнэ цэнэтэй сайн сайхан амьдралыг цогцлоон босгохыг уриалж байна.

Миний хайрт нөхөр, хань ижил гэдэг бол угтаа би өөрөө л юм. Аливаа эмэгтэйг нөхрөөр нь, эрэгтэйг эхнэрээр нь шинждэг ёс миний сайхан оронд байдаг. Түүнчлэн манай Монгол ёсонд эхнэр, нөхөр хоёрыг нэг хүн гэж үздэг учир цагаан сараар хоорондоо золгодоггүй уламжлалтай. Тиймээс миний нөхөр бол би, харин би бол миний нөхөр юм.

Бид нэгэн бие болж, нэгэн амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, өөрсдийн ирээдүйн амар амгалан, урт удаан аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа тэмүүлэлтэйгээр ажилладаг учир бид хоёрын хэн нэгэнтэй холбоотой бүх зүйл хэн хэнд маань хамаатай, бидний амьдралын доройтох, өөдлөхын шалтгаан болон оршиж байдаг.

Тиймээс хань ижлээ хуурна гэдэг бол угтаа өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг хуурч буйтай адилхан. Та бидний өөрийгөө хуурсан сэтгэл биднийг харалган болгодог. Бид өөрийнхөө нүдийг боочихоод хэр хол явж чадах вэ? хэр зэрэг саадыг давж чадах уу? Яг л үүнтэй адил. Бидний үнэнч байдал, үнэ цэнээ мэдэрч, итгэлтэйгээр, нүүр бардам урагш тэмүүлэх амьдрал биднийг аз жаргалын хөлөг онгоцонд суулгаж, хүссэн сэтгэл ханамжаа эдлэх боломж олгодог.

Ийм л учраас ирээдүйн аз жаргалтай, үнэ цэнэтэй, урт удаан, сайн сайхан амьдралынхаа төлөө ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙЦГААЯ.

Saturday, November 27, 2010

Хайрт дүү нартаа баярлалаа



Би их азтай хүн. Байнга шинийг санаачилж, бусдын алхсан мөрөөр бус цоо шинэ мөр гарган бусдыг араасаа дагуулдаг олон сайхан дүү нар минь миний бахархал. Тэд бол 2008 онд "Яруу сэтгэгч" сонины эрхлэгч, дүү Лувсандоржтойгоо хамтран, ХӨГЖИЛ хүний хөгжлийн төвөө байгуулан 2 жил орчим уйгагүй хөдөлмөрлөсний минь үр дүн. Миний хайртай, сайхан дүү нар минь, та бүгдэдээ эгч нь хайртай.
Хөгжил төвийн дүү нар маань үнэхээр сэтгэж чаддаг, хийж чаддаг мундаг хүүхдүүд байдаг. Тэдний нэг нь хоёрдугаар курсээсээ л ТББ байгуулан, Гадаад хэлний сургалтын төвөө нээж, өнөөг хүртэл байнга шинийг сэтгэн санаачилж, хийж бүтээж яваа ажил хэрэгч мундаг бүсгүй. Нөгөө нь нэг компанид менежерээр ороод ганц, хоёрхон сар ажлаад дэд захирал болж дэвшиж байсан чадалтай, бас чадвартай бүсгүй, бас нэг дүү маань Анагаахын зургаадугаар курс боловч хүмүүсийг өвчилсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарал тавин, эрүүл амьдрах боломжийг судалж, ихийг санаачлан хийдэг бүсгүй байгаа... энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй олон сайхан дүү нар надад байна.

Тэд маань ажил дээр ирж зөвлөгөө өглөө. Хүн бүхэн завгүй болсон энэ цаг үед нөр их ажлынхаа хажуугаар сэтгэл зүрхээрээ зав гарган ирж, шинэ ажилд минь үнэтэй зөвлөгөө өгсөн хайрт дүү нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Та нарын минь санаачлан хийж байгаа ажил бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Хайртай шүү. АМЖИЛТ