Tuesday, November 30, 2010

Өөртөө үнэнч байж, үнэ цэнэтэй амьдралыг бүтээцгээе


Өнөөдөр 12 дугаар сарын 1, дэлхий нийтээрээ хайртдаа үнэнч байхыг уриалдаг өдөр.
Харин миний хувьд хайртдаа бус өөртөө үнэнч байж, үнэ цэнэтэй сайн сайхан амьдралыг цогцлоон босгохыг уриалж байна.

Миний хайрт нөхөр, хань ижил гэдэг бол угтаа би өөрөө л юм. Аливаа эмэгтэйг нөхрөөр нь, эрэгтэйг эхнэрээр нь шинждэг ёс миний сайхан оронд байдаг. Түүнчлэн манай Монгол ёсонд эхнэр, нөхөр хоёрыг нэг хүн гэж үздэг учир цагаан сараар хоорондоо золгодоггүй уламжлалтай. Тиймээс миний нөхөр бол би, харин би бол миний нөхөр юм.

Бид нэгэн бие болж, нэгэн амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, өөрсдийн ирээдүйн амар амгалан, урт удаан аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа тэмүүлэлтэйгээр ажилладаг учир бид хоёрын хэн нэгэнтэй холбоотой бүх зүйл хэн хэнд маань хамаатай, бидний амьдралын доройтох, өөдлөхын шалтгаан болон оршиж байдаг.

Тиймээс хань ижлээ хуурна гэдэг бол угтаа өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг хуурч буйтай адилхан. Та бидний өөрийгөө хуурсан сэтгэл биднийг харалган болгодог. Бид өөрийнхөө нүдийг боочихоод хэр хол явж чадах вэ? хэр зэрэг саадыг давж чадах уу? Яг л үүнтэй адил. Бидний үнэнч байдал, үнэ цэнээ мэдэрч, итгэлтэйгээр, нүүр бардам урагш тэмүүлэх амьдрал биднийг аз жаргалын хөлөг онгоцонд суулгаж, хүссэн сэтгэл ханамжаа эдлэх боломж олгодог.

Ийм л учраас ирээдүйн аз жаргалтай, үнэ цэнэтэй, урт удаан, сайн сайхан амьдралынхаа төлөө ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙЦГААЯ.

No comments:

Post a Comment