Tuesday, January 26, 2010

Миний хань

Анх хөдөөний бор охин, хотод оюутан болж, дээд сургуулийн хаалгаар орох үедээ, Дээд сургууль гэдэг үнэхээр боловсролтой, соёлтой, ёс суртахуунтай гайхалтай сайхан оюутан залуусаар дүүрсэн газар байгаа даа... гэж бодон, урам зориг дүүрэн, сэтгэл өөдрөг орж билээ. Харамсалтай нь би хэтрүүлж бодсон байлаа... Манай ангид бүдүүлэг, бас ухаан муутай хэдэн хөвгүүн байсан. Нэг нь, нийслэлийн нэг дунд сургуулийн захирлын хүүхэд байсан. Сургуулийн захирлын хүүхэд ёс суртхуунгүй байна гэдэг үнэхээр гутамшигтай санагдаж байлаа. Тэр үеэс л, боловсрол мэдлэг гэдэг ямар өчүүхэн юм бэ? хүний зан чанар, төрөлх араншин, ХҮН ЧАНАР гэдэг ямар агуу зүйл вэ? гэдгийг ухаарч ойлгосон. /Харин, хүн чанартай, ёс суртахуунтай хүн боловсрол, мэдлэгтэй байвал улам хүчирхэг болно гэдэгтэй санал нэг байгаа гэж итгэж байна/

Түүнийг ойлгоогүй байсан бол би өдийд юу хийгээд, хаагуур явж байх нь тодорхойгүй... магадгүй амьдралынхаа зорилгыг ч олоогүй, бүр зорилгогүй ч явж байж болох байсан. Учир нь хүний амьдралд хань ижил гэдэг хамгийн чухал үүрэгтэй. Ямар хүнтэй сууснаас бидний хувь тавилан шууд шалтгаалдаг.

Миний хувьд үнэхээр хүн чанартай, сайн залуутай суусан, азтай бүсгүй. Нөхөр маань миний 10 жилийн ангийн хүүхэд. Намайг сургуульд байхаасаа л дотроо хайрлаж, хүндэтгэж ирсэн хүн. Надад чин сэтгэлээсээ хайртай учраас, надад итгэн, намайг дураар минь, хүссэнээр минь байлгадаг. Би 2005 оноос эхлэн хувь хүний хөгжил, 2007 оноос хүүхдийн хөгжил төлөвшил судалж, тэр чиглэлийн лекц, сургалт зохион байгуулж ирсэн. Бизнесийн байгууллагад бус, Төрийн бус байгууллагад харьяалагдан, өглөөнөөс орой хүртэл бус хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа ном уншиж, юм судалж, дотроо маш их хүсэл тэмүүлэлтэй, зорилготой ажилладаг боловч, гаднаа хэн нэгэнд ажилгүй мэт харагддаг байсан. Тиймээс зарим хамаатнууд маань, Их сургуулийг бизнесийн удирдлагаар онц төгссөн мөртлөө, ажил хийсэнгүй, өөртөө ямар ч холбогдолгүй хүний хөгжил эн тэр гэж дэмий зүйл яръж явлаа хэмээн зэмлэдэг байлаа. Харин нөхрийн маань хувьд тийм биш. Жоохон хүүхэдтэй залуу хосын хувьд мөнгө төгрөгөөр гачигдах үе байдаг л байсан. Гэсэн хэдий ч нөхөр маань, хэзээд цалин, мөнгөөр юмыг хэмждэггүй бас үнэлдэггүй учир, зөв зүйлийг бодож, зөв юм хийж байгаа гэдэгт маань итгэдэг байлаа. Тийм ч болохоор өнөөдөр би хүссэнээ хийж, зорьсноо биелүүлж чаддаг. Тэр боломжийг гагцхүү хань минь л өгсөн. Тиймээс хайрт ханьдаа цаг үргэлж талархаж явдаг.

Магадгүй би хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл толгойд нь буухгүй болчихсон хэн нэгэнтэй суусан бол өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч, амьдралынхаа зорилгыг олж авахгүйгээр, шууд л аль нэг компанид орон, ажлын мал болчихсон явж байх байсан.

Энэхүү бичлэгийг уншиж суугаа охид, бүсгүйчүүддээ, ганц олдох амьдралынхаа ханийг зөв сонгохыг хүсч байна.

Халгиж цалгисан амжилт

2009 оны 12-р сарын 24-ны өглөө, нөхөртөө цайг нь аягалах гэж байгаад сагуулаад асгачихлаа... Магадгүй тэр тохиолдолд зарим хүмүүс -ээ халаг гэж, зарим нь -ээ салга гэж, зарим нь бүр -өө бүтэлгүй юм, би дандаа л бүтэлгүйтэх юм гэж хэлэх байсан. Харин миний хувьд асгарсан цайруу харан инээмсэглэж, -өнөөдөр ч миний хайрын ажил төрөл бүтэмжтэй байж, халгиж цалгих нь дээ... гэж нөхөртөө хэлсэн юм. Нөхөр маань ч өөдөөс харан инээж байлаа... Улмаар нөхөр, 2 хүүхэдтэйгээ албандаа явлаа... /өглөөдөө нөхөр маань хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг/. Би гэртээ үлдлээ. 11 цагаас хүнтэй уулзахаар тохирсон байсан учир түүнээс өмнө гэр орноо янзлах гээд яаравчилж байлаа... тэгээд бүх ажлаа амжуулж, яг гэрээсээ гарах гэтэл бас нэг юм татаад асгачихлаа... түүнийг арчиж янзлана гэвэл болзсон цагаасаа хожимдох байсан учир, өөртөө: -хайр нь ч мөн адил өнөөдөр амжилтаар халгиж цалгих нь гэж дотроо шивнэн хэлээд, инээмсэглэн гэрээсээ шууд гарлаа...

Орой ямар үр дүн биднийг хүлээж байсан гээч... Яг л миний хэлсэн амжилт, халгиж цалгисан тэр их амжилт... Нөхөр маань, ажил нь үнэхээр амжилттай байлаа гэсээр ирлээ. Өмнөөс нь би, хайрых нь ажил ч бас амжилттай байлаа... Хайр нь хамтарч ажиллах санал авсан, надтай уулзсан тэр хүн өнөөдөр шинийн-8, энэ сайхан өдөр хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байна гэсэн гэж ам уралдан амжилтаа ярьцгааж билээ.

Энэ бүх зүйл бол Энергийн хуультай холбоотой. Магадгүй би тэдгээр бүтэлгүй зүйлийг хараад сөргөөр сэтгэж, урам хугаран, ямар ч баяр баясалгүй гэрээс гарсан бол тийм азтай зүйлс тохиолдохгүй байсан. Тиймээс уншигч та ч бас сэтгэлгээгээ ямагт эерэг байлгаж, амьдралын эерэг эрчимтэй өөрийгөө холбоорой....

Tuesday, January 19, 2010

"Таныг минь мөнх тэнгэр ивээг"

Хайрт ээж М.Чимэдрагчаа, Б.Баярсайхан болон өөрийнхөө хайрлаж, хүндэтгэдэг бүх хүмүүст зориулав.
Та ч бас хайрт ээждээ болон хайрлаж, хүндэтгэдэг хүмүүстээ уншиж өгөөрэй.

"Таныг минь мөнх тэнгэр ивээг"

Та минь байгаа болохоор
Тэнгэрээс би ивээл гуйна
Тэнгисээс би энерги гуйна
Буурлаас би нас гуйна
Бурханаас би заяа гуйна.

Та минь байгаа болохоор
Өөртөө биш тандаа гуйна...

Танруу мишээсэн бүхнийг
Тэнгэр ивээдэг болохоор
Танруу харсан бүхэнд
Тэнгисийн энерги шингэдэг болохоор
Танаар бахархсан бүхнийг
Нас буян дагадаг болохоор
Таныг хайрласан бүхний заяаг
Бурхан түшдэг болохоор
Өөртөө биш, тандаа гуйна.

Та минь байгаа болохоор
Би өөртөө юу ч гуйхгүй
Таныг хайрласны төлөө
Тэд намайг ивээдэг.

Таныг минь мөнх тэнгэр ивээг.
Ж.Хорлоо /2006 он/

Monday, January 18, 2010

Миний явсан зам бүхэн намайг амжилт, аз жаргалруу хөтөлж байдаг.

2009 оны 6-р сард, манай ХӨГЖИЛ хүний хөгжлийн төвийн хүндэт гишүүн О.Булганхангайгийн санаачилсан "ЭЭЖДЭЭ БИЧСЭН 1000 ЗАХИДАЛ" нэртэй номны нээлт болсон бөгөөд бид бүгд борлуулалтан дээр нь ажиллаж байсан билээ. Тэр үед Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн нэг багшид номоо танилцуулчихаад гараад иртэл, нэг автобус яг хөдлөх гэж байлаа... зайсангийн тэндхийн автобусууд манай ажлын тэнд очдог болохоор олон юм бодолгүй, шууд гүйж очоод суучихлаа. Тэгээд Лениний музейн баруун талын 4 замын уулзвараас зүүн гар тийш буюу Цэцэг төв рүү эргэх байх гэсэн чинь эсрэгээрээ баруун гар тийш МУБИС-н зүг эргэчихлээ... за, яах вэ дээ... Бассейн орж бүртгүүлье гээд амжихгүй яваад байсан болохоор, бүртгүүлэх боломж гарлаа гэж бодоод багшийн дээдийн урдуур гаран явж байтал, бараг сүүлийн 7 хоног уулзах юмсан, ажил дээр нь очиж сургалт явуулж өгөнгөө, номноосоо хэдийг борлуулчих юмсан гэж бодож явсан Дэлгэрмаа гэдэг эгчтэйгээ уулздаг юм байна. Яг тэр үед, "Миний явсан зам бүхэн намайг амжилт, аз жаргалруу хөтөлдөг" гэсэн энэ гайхалтай үг толгойд орж ирж билээ.

Үнэхээр бид бүгдийн толгойд буй бодол, үг, үйлдэл, зорилго, хийж буй бүх зүйл маань эерэг сайн, сайхан зүйлрүү тэмүүлж байдаг бол энергийн хуулийн дагуу бидний явсан зам бүхэн биднийг амжилт, аз жаргалруу хөтлөх болно. Учир нь энергийн хуулиар "Ижил нь ижлээ" дууддаг. Магадгүй танд бүтэлгүй явдал тохиолдсон байж болох юм, тэгвэл түүнээс ч бүтэлгүй зүйл учрах байсныг хаасан нь тэр байсан гэж ойлгоорой. Бүр байнга бүтэлгүйтээд байвал, өөрийгөө сайн ажиглаж, юу бодоод, юу хийгээд байгаадаа дүн шинжилгээ хийгээрэй. Магадгүй сайн, сайханруу хэтэрхий тэмүүлээд, хэн нэгэнд муу зүйлийг хийгээд байгаа юм биш биз???

"Нэг хаалга хаагдахад, хоёр хаалга нээгддэг"

Эрхэм та зорилгодоо хүрэх гээд чармайн ажилласаар байна уу? Өмнө тань ямар нэг бэрхшээл тохиолдон, магадгүй нэг бэрхшээлийг давчихаад байтал дахин бэрхшээл гарч ирж, урам зоригийг тань мохоож байна уу? тэгвэл бүү сэтгэлээр унаарай.

Миний хувьд байгальд хайртай нэгэн. Тиймээс явган аялах, усанд сэлэх, цанаар гулгах, цэцэг тарих, гоё өнгийн чулуу болон эрдэнийн чулуу цуглуулах сонирхолтой.
Би нялх мөчрийг суулган, том болохыг нь, өндөр ургаж, цэцэглэхийг нь харах дуртай. Нялх мөчир хэрхэн цэцэглэн дээшилж буйтай адилхан ажил, амьдрал минь улам бүр дэлгэрч байна гэж боддог.

Нэг удаа би цэцгүүдээ услах гэж байгаад, нэлээд олон хоног хүлээн байж ургуулсан хэдэн навчсыг нь унагачихлаа... тэр үед хайран юм гэж дотроо харамсаж байсан. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө унасан навчнуудын оромноос хоёр, хоёр навчны соёо цухуйж байхыг олж харсан. Тэгээд маш их баярлаж, амьдралд нэг хаалга хаагдахад хоёр хаалга, хүсвэл түүнээс ч олон хаалга нээгдэж байдаг гэсэн үгийг улам бүр ухаарч билээ. Одоо тэр унасан навчисны оронд олон салаа навчтай мөчрүүд ургасан байгаа.

Яг энэ байгалийн хууль миний амьдралд биеллээ олдог. Тиймээс, таны ажил, амьдралд ч мөн биеллээ олох болно. Танд улам бүр өндөр амжилтыг хүсье.

Миний амьдралын зорилго

Хүн бүхэн харилцан адилгүй байдаг. Тэд бүгд л өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, зан чанар, авьяас чадвартай. Би ч бас адил...

Намайг Ж.Хорлоо гэдэг. Ж гэдэг овгийн маань эхний үсгийг авчихаар Хорлоо гэдэг нэр нүцгэн зогсож байгаа юм шиг л санагддаг. Тиймээс хэзээд Ж.Хорлоо гэж хэлэх бас бичих дуртай. Би хонины орд. Хүүхэд шиг гэнэн цайлган, цагаахан, итгэмтгий, бас үргэлж баяр баяслыг тээж явдаг сэтгэл зүрх минь энэ ордны төрөлхийн мөн чанар... Миний онцлог чанар бол бусдыг хайрлах, чин сэтгэлээсээ хүндэтгэх чадвар. Ямар ч нөхцөл байдалд хувиа хичээдэггүй, хэзээд найрсаг байж бусдад туслахад бэлэн халуун дотно сэтгэл... ХҮН ЧАНАР... Шударга зан чанар, итгэл даах чадвар, үнэнч тууштай байдал... Өөрийгөө ЖИНХЭНЭ ХҮН гэж үнэлдэг, бас хүндэтгэдэг миний АМЬДРАЛЫН ЗОРИЛГО бол 21-р зууны НЭРТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ болох. Гагцхүү жинхэнэ хүн л хүнийг бий болгож чадна гэж итгэдэг.

Хүн бүхэн бусдаас онцгой зан чанар, авьяас чадвартай боловч ихэнх хүмүүс энэ хорвоо дээр зүгээр л амьд явж байдаг. Эрхэм та эргэн тойрноо нэг сайн ажиглаарай... Тэгээд тэдний амьдарч буй байдал, амьдралдаа хандах хандлагад дүн шинжилгээ хийж үзээрэй... Магадгүй зарим нэг нь ямар ч зорилгогүйгээр ТВ-н суваг солин, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг үзэж суугаа харагдана, зарим нь зүгээр л дэлгүүр хэснэ... зарим нь ямар ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрнэ... зарим нь өөрийгөө гоёх гэж, сайхан харагдах гэж бүхэл өдөржин тольны өмнө эргэлдэнэ... зарим нь орж ирсэн хүмүүстэй хууч хөөрч, хов жив, болж бүтэхгүй зүйлсийн талаар ярилцана... та хүмүүсийн үнэт цаг, хэрхэн үнэ цэнэгүй өнгөрч, хайран амьдрал нь урсан одохыг харах болно. Ингэхэд таны АМЬДРАЛЫН ЗОРИЛГО юу вэ? Хэрвээ түүнийгээ маш сайн мэдэж, түүнийхээ төлөө ажиллаж, амьдарч байгаа бол танд баяр хүргэе. Танаар бахархаж байна. Харин үгүй бол та яг одоо цаас гаргаад өөрийхөө тухай эргэцүүлэн бичээрэй, өөрийнхөө онцлог, давуу тал, сонирхдог зүйл, хийх дуртай ажил, түүнийг хийхдээ аз жаргалтай, баяр баясалтай болдог зүйл... гэх мэт, тэгээд өөрийнхөө амьдралын зорилгыг олж нээгээрэй. Яг энэ мөчөөс хойш амьдралынхаа зорилгын төлөө, хором мөч бүхнийг үр ашигтай бүтээлчээр өнгөрүүлж, зорилгодоо заавал хүрээрэй. Тэгээд зорилгодоо хүрснийхээ дараа надтай холбогдож, талархлаа илэрхийлээрэй, хэ хэ.
За, бүх зүйлд тань АМЖИЛТ хүсье. Та өөрийнхөө амьдралын зорилгод хүрэх гэж энэ хорвоод, тэгэхдээ бүр МОНГОЛ УЛС-ын иргэн болж мэндэлсэн юм шүү.