Tuesday, January 26, 2010

Миний хань

Анх хөдөөний бор охин, хотод оюутан болж, дээд сургуулийн хаалгаар орох үедээ, Дээд сургууль гэдэг үнэхээр боловсролтой, соёлтой, ёс суртахуунтай гайхалтай сайхан оюутан залуусаар дүүрсэн газар байгаа даа... гэж бодон, урам зориг дүүрэн, сэтгэл өөдрөг орж билээ. Харамсалтай нь би хэтрүүлж бодсон байлаа... Манай ангид бүдүүлэг, бас ухаан муутай хэдэн хөвгүүн байсан. Нэг нь, нийслэлийн нэг дунд сургуулийн захирлын хүүхэд байсан. Сургуулийн захирлын хүүхэд ёс суртхуунгүй байна гэдэг үнэхээр гутамшигтай санагдаж байлаа. Тэр үеэс л, боловсрол мэдлэг гэдэг ямар өчүүхэн юм бэ? хүний зан чанар, төрөлх араншин, ХҮН ЧАНАР гэдэг ямар агуу зүйл вэ? гэдгийг ухаарч ойлгосон. /Харин, хүн чанартай, ёс суртахуунтай хүн боловсрол, мэдлэгтэй байвал улам хүчирхэг болно гэдэгтэй санал нэг байгаа гэж итгэж байна/

Түүнийг ойлгоогүй байсан бол би өдийд юу хийгээд, хаагуур явж байх нь тодорхойгүй... магадгүй амьдралынхаа зорилгыг ч олоогүй, бүр зорилгогүй ч явж байж болох байсан. Учир нь хүний амьдралд хань ижил гэдэг хамгийн чухал үүрэгтэй. Ямар хүнтэй сууснаас бидний хувь тавилан шууд шалтгаалдаг.

Миний хувьд үнэхээр хүн чанартай, сайн залуутай суусан, азтай бүсгүй. Нөхөр маань миний 10 жилийн ангийн хүүхэд. Намайг сургуульд байхаасаа л дотроо хайрлаж, хүндэтгэж ирсэн хүн. Надад чин сэтгэлээсээ хайртай учраас, надад итгэн, намайг дураар минь, хүссэнээр минь байлгадаг. Би 2005 оноос эхлэн хувь хүний хөгжил, 2007 оноос хүүхдийн хөгжил төлөвшил судалж, тэр чиглэлийн лекц, сургалт зохион байгуулж ирсэн. Бизнесийн байгууллагад бус, Төрийн бус байгууллагад харьяалагдан, өглөөнөөс орой хүртэл бус хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа ном уншиж, юм судалж, дотроо маш их хүсэл тэмүүлэлтэй, зорилготой ажилладаг боловч, гаднаа хэн нэгэнд ажилгүй мэт харагддаг байсан. Тиймээс зарим хамаатнууд маань, Их сургуулийг бизнесийн удирдлагаар онц төгссөн мөртлөө, ажил хийсэнгүй, өөртөө ямар ч холбогдолгүй хүний хөгжил эн тэр гэж дэмий зүйл яръж явлаа хэмээн зэмлэдэг байлаа. Харин нөхрийн маань хувьд тийм биш. Жоохон хүүхэдтэй залуу хосын хувьд мөнгө төгрөгөөр гачигдах үе байдаг л байсан. Гэсэн хэдий ч нөхөр маань, хэзээд цалин, мөнгөөр юмыг хэмждэггүй бас үнэлдэггүй учир, зөв зүйлийг бодож, зөв юм хийж байгаа гэдэгт маань итгэдэг байлаа. Тийм ч болохоор өнөөдөр би хүссэнээ хийж, зорьсноо биелүүлж чаддаг. Тэр боломжийг гагцхүү хань минь л өгсөн. Тиймээс хайрт ханьдаа цаг үргэлж талархаж явдаг.

Магадгүй би хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл толгойд нь буухгүй болчихсон хэн нэгэнтэй суусан бол өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч, амьдралынхаа зорилгыг олж авахгүйгээр, шууд л аль нэг компанид орон, ажлын мал болчихсон явж байх байсан.

Энэхүү бичлэгийг уншиж суугаа охид, бүсгүйчүүддээ, ганц олдох амьдралынхаа ханийг зөв сонгохыг хүсч байна.

No comments:

Post a Comment