Хүн бүхэн харилцан адилгүй байдаг. Тэд бүгд л өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, зан чанар, авьяас чадвартай. Би ч бас адил...
Намайг Ж.Хорлоо гэдэг. Ж гэдэг овгийн маань эхний үсгийг авчихаар Хорлоо гэдэг нэр нүцгэн зогсож байгаа юм шиг л санагддаг. Тиймээс хэзээд Ж.Хорлоо гэж хэлэх бас бичих дуртай. Би хонины орд. Хүүхэд шиг гэнэн цайлган, цагаахан, итгэмтгий, бас үргэлж баяр баяслыг тээж явдаг сэтгэл зүрх минь энэ ордны төрөлхийн мөн чанар... Миний онцлог чанар бол бусдыг хайрлах, чин сэтгэлээсээ хүндэтгэх чадвар. Ямар ч нөхцөл байдалд хувиа хичээдэггүй, хэзээд найрсаг байж бусдад туслахад бэлэн халуун дотно сэтгэл... ХҮН ЧАНАР... Шударга зан чанар, итгэл даах чадвар, үнэнч тууштай байдал... Өөрийгөө ЖИНХЭНЭ ХҮН гэж үнэлдэг, бас хүндэтгэдэг миний АМЬДРАЛЫН ЗОРИЛГО бол 21-р зууны НЭРТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ болох. Гагцхүү жинхэнэ хүн л хүнийг бий болгож чадна гэж итгэдэг.
Хүн бүхэн бусдаас онцгой зан чанар, авьяас чадвартай боловч ихэнх хүмүүс энэ хорвоо дээр зүгээр л амьд явж байдаг. Эрхэм та эргэн тойрноо нэг сайн ажиглаарай... Тэгээд тэдний амьдарч буй байдал, амьдралдаа хандах хандлагад дүн шинжилгээ хийж үзээрэй... Магадгүй зарим нэг нь ямар ч зорилгогүйгээр ТВ-н суваг солин, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг үзэж суугаа харагдана, зарим нь зүгээр л дэлгүүр хэснэ... зарим нь ямар ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрнэ... зарим нь өөрийгөө гоёх гэж, сайхан харагдах гэж бүхэл өдөржин тольны өмнө эргэлдэнэ... зарим нь орж ирсэн хүмүүстэй хууч хөөрч, хов жив, болж бүтэхгүй зүйлсийн талаар ярилцана... та хүмүүсийн үнэт цаг, хэрхэн үнэ цэнэгүй өнгөрч, хайран амьдрал нь урсан одохыг харах болно. Ингэхэд таны АМЬДРАЛЫН ЗОРИЛГО юу вэ? Хэрвээ түүнийгээ маш сайн мэдэж, түүнийхээ төлөө ажиллаж, амьдарч байгаа бол танд баяр хүргэе. Танаар бахархаж байна. Харин үгүй бол та яг одоо цаас гаргаад өөрийхөө тухай эргэцүүлэн бичээрэй, өөрийнхөө онцлог, давуу тал, сонирхдог зүйл, хийх дуртай ажил, түүнийг хийхдээ аз жаргалтай, баяр баясалтай болдог зүйл... гэх мэт, тэгээд өөрийнхөө амьдралын зорилгыг олж нээгээрэй. Яг энэ мөчөөс хойш амьдралынхаа зорилгын төлөө, хором мөч бүхнийг үр ашигтай бүтээлчээр өнгөрүүлж, зорилгодоо заавал хүрээрэй. Тэгээд зорилгодоо хүрснийхээ дараа надтай холбогдож, талархлаа илэрхийлээрэй, хэ хэ.
За, бүх зүйлд тань АМЖИЛТ хүсье. Та өөрийнхөө амьдралын зорилгод хүрэх гэж энэ хорвоод, тэгэхдээ бүр МОНГОЛ УЛС-ын иргэн болж мэндэлсэн юм шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment