Saturday, June 5, 2010
Залуу хосууддаа бичсэн захидал
Сайн байцгаана уу?
Гал голомтоо бадрааж, нэгэн гэр бүл болон, огт таньж мэдэхгүй байсан хүний үрийг сэтгэл зүрхнээсээ хайрлан, хүндэтгэж, дотроо бусдаас харамлан, хамгаалан яваа эрхэм та бүхэндээ энэ захидлыг унших өдрийн мэндийг хүргэе.
Юуны өмнө заяаныхаа ханийг олоод, гэр бүл хэмээх юутай ч зүйрлэшгүй үнэт зүйлийг бий болгон, үрийн зулай үнэрлэн, үртэй болохын жаргалыг эдлэн суугаа залуу хосууддаа баяр хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсье.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж сайхан сургаал байдаг. Бидний сэтгэл ч мөн адил нэг хэвээрээ биш. Тиймээс та бүхэндээ залуу хосуудын амьдралд тохиолддог нэгэн бэрхшээлийн цаад учгийг ухааруулан, илүү их сэтгэлийн хаттай байж, гэр бүл хэмээх үнэт зүйлээ хэзээд хамгаалж байхыг сануулах үүднээс энэхүү захидлаа бичиж сууна.
Гэр бүл болно гэдэг амаргүй даваа. Амархан, хялбархан зүйл байсан бол гэр бүл салат гэдэг ойлголт байхгүй байх байсан гэдэгтэй санал нийлэх бизээ. Эхлээд амар, хялбар мэт боловч нэг л өдөр тэсэж, тэвчихийн аргагүй болж, бүх зүйлд чи буруутгагдаж, бүх хүмүүс чамруу арслан бар мэт дайрч байгаа юм шиг, бүхий л зүйл чиний нуруун дээр байгаа мэт санагдах үе тохиолдно.
Тэр цагт магадгүй хадам, эсвэл ханийн тань сайн санаж хэлсэн үг танд цаанаа л нэг ёозгүй, таныг буруутгаад байгаа юм шиг бодогдоно. Хайрлаад харж байгаа харц нь хүйтэн, энхрийлээд инээж буй инээмсэглэл нь хуурамч мэт санагдана...
Өөрийн тэрхүү сөрөг бодлыг нэг, хоёр, гурав магадгүй тав, арав тэвчинэ... улмаар тэсрэнэ. Тэр цагт амьдрал тань утгагүй мэт санагдаж, тэвчихийн арга алга хэмээн өөрийгөө зөвтгөн, бусдыг буруутгаж, салахаас өөр зам алга хэмээн ухаантан болж, уурлаж бухимдах үе ирнэ.
Салчихвал бүх л зүйл болоод явчих юм шиг... Хүүхдээ ганцаараа хэнээс ч дутуугүй өсгөчихнө... Өөрийгөө хүн шиг аваад явчихна... Магадгүй өөр сайхан хүмүүс зөндөө л байна... гэх мэт мунхаглана.
Ийм амин хувиа хичээсэн бодол хэн бүхний толгойд харавсан сум мэт л ороод ирнэ. Гэвч толгойд орж ирж байгаа бодол бүхэн үнэн, зөв биш. Магадгүй та хоёр хүүхэдтэй болж амжаагүй байгаа бол танд тийм ЭРХ байж болох юм. Харин ХҮҮХЭДтэй болсон бол танд тэгэх эрх байхгүй бөгөөд та хүүхэдтэй болсон л бол тэр хүүхдээ ХҮН шиг ХҮН болгох үүрэгтэй. Яагаад гэвэл та өөрийнхөө эрхийг эдлээд ханиа сонгоод, гэр бүл болоод, хүүхэд төрүүлээд, бас тэр бүгдээс цагтаа аз жаргалыг хангалттай эдэлсэн. Тиймээс одоо үүргээ хүлээж ХОЁУЛ ХАМТдаа хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ҮҮРЭГтэй.
Та хүүхэдтэй болсон л бол ТАНД САЛАХ ЭРХ байхгүй.
Учир нь таны эцэг, эхийг хорвоогийн хамгийн баян, хамгийн үзэсгэлэнтэй хүнээр солихыг хүсвэл та хэзээ ч солихгүй. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг өвөг дээдсийн минь сайхан сургаал бий. Тиймээс таны хүүхдэд ганцхан төрүүлсэн эцэг, эх нь л хэрэгтэй. Тэд л түүнийг жинхнээсээ хайрлан, энхрийлж, эрхлүүлж, хүн шиг хүн болгон өсгөж чадна. Өөр хэнбугай ч таны хүүхдийн эцэг эсвэл эхийг орлож чадахгүй.
Та хүүхдээ нүдэндээ ямар ч гал цоггүй, баяр баясалгүй, аз жаргалгүй, үүрд эцэг эсвэл эхийнхээ хэн нэгнийг хэзээ ирэх бол доо хэмээн горьдсон нүдээр ширтэн суухыг нь харахыг хүсэхгүй.
Тиймээс амиа бодсон дээрх бодол орж ирсэн тэр цагт толгойгоо сэгсрэн, бодлоосоо хурдан салаад, үр хүүхэд, гэр бүлээ бодон, сэтгэлгээгээ эерэг тийш жолоодон, хүмүүсийн хэлж буй зүйл чухал биш миний бодол, үйлдэл л чухал гэдгийг ухаарах хэрэгтэй.
Бусад хүмүүс чамайг ойлгохгүй байж болно харин чи өөрийгөө ойлгох хэрэгтэй... Бусад хүмүүс таны гэр бүлийг үймүүлж болно харин чи өөрөө гэр бүлээ үймүүлж болохгүй...
Бусад хүмүүс үглэж болно... тэд үглэг л дээ... бид бусдын үглэхийг хэзээ ч болиулж чадахгүй... Харин түүнд хандах хандлагаа өөрчилж чадна, тиймээс гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө үглэхийг нь сонсоогүй мэт байя ...
Гэхдээ ойр тойрны чинь хэн нэгэн үг хэлж байгаа нь хэзээ ч биднийг муу яваасай гэсэндээ бус бидний сайн сайхны төлөө байдаг гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Тэд маань биднийг юмаа сайхан хийгээсэй, илүү сайн яваасай гэж боддог боловч хэзээ, хэрхэн яаж хэлэх аргаа мэддэггүй, харилцааны боловсрол сулхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тэгээд л бодчиход бүх зүйл хөнгөхөн болоод ирнэ. Та тэвчээр бас ухаан гаргаж ГЭР БҮЛээ хамгаалж чадаж байгаадаа өөртөө баяр хүргэж, бас өөрөөрөө бахархаж болно.
ГЭР БҮЛ бүхэн эрүүл энх байж, дэргэдээ буй аз жаргалаа алхам тутамдаа мэдэрч байхыг хүсье.
АМАР АМГАЛАН МОНГОЛ ГЭР БҮЛ- МОНГОЛ ХҮҮХЭД- МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Хүндэтгэн ёсолсон: Ж.Хорлоо