Sunday, June 13, 2010

"Гэр бүл" - миний үнэт гоёл


Гоёл ....
Биднийг чимж, бас бидэнд сэтгэлийн таашаал өгч, өөртөө итгэлтэй алхах урам зориг төрүүлж, өөрийн эрхгүй баясгаж, баярлуулж, догдлуулж байдаг зүйл бол “гоёл”. Нэн ялангуяа, бүсгүйчүүд биднийг гоё сайхан чимэг зүүлтгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Алмаз, эрдэнийн чулуу, алт, мөнгөн гоёлууд... нэрлээд дуусашгүй.
Гэвч, ямар ч үнэт эрдэнийн чулуугаар сольшгүй, миний хамгийн үнэтэй гоёл бол “миний гэр бүл”. Би “Гэр бүл”-ээрээ өөрийгөө чимэх дуртай. Учир нь мөнгөөр ямар ч гоёлыг, хэн ч худалдан авах боломжтой, харин гэр бүлийг хичнээн их мөнгө байгаад ч худалдан авах боломжгүй.
“Гэр бүл” гэдэг бидний сэтгэл зүрх, хайр хүндэтгэлээрээ соёолуулаад, өөрийн харилцаа, буулт, ойлголцол, тэсвэр тэвчээрийн хүчээр урган төлжүүлж, улмаар хүлээцтэй байдал, эв нэгдэл, итгэлцлээр батжин бэхжүүлж байж урт удаан хугацаанд, өөрийн бие сэтгэлээрээ бүтээсэн “үнэт гоёл” минь. Энэ гоёл хэн бүхэнд давтагдашгүй цорын ганц бөгөөд, хэний ч хувьд дахин үйлдвэрлэх боломжгүй.

Маш их үнэ цэнэтэй болохоор надаас маш их сэтгэл, итгэл, халамж, анхаарлыг шаардаж байдаг. Үнэтэй чулуун гоёлыг нэг л худалдаад авчихвал чухал үедээ гаргаж зүүчихээд, бусад үед далд хийгээд орхичихдог бол "гэр бүл" хэмээх энэхүү гоёл далд хийгээд, мартатлаа нам дараад суучих ойлголт байхгүй, цаг үргэлж халамж, анхаарал шаарддагаараа онцлогтой. Хэтэрхий эмзэг нандин зүйл болохоор биднийг өөр ямар нэгэн зүйлрүү анхаарлаа хандуулахыг андахгүй... Магадгүй өдөр бүр багахан ч болтугай цагаа зориулж, анхаарлаа хандуулж, сэтгэлээ зориулж байхгүй бол нэг л мэдэхэд сэвтэн гоёхын аргагүй зүйл болон хувирна... Өнгөө алдсан гоёлыг сольж, өөр шинийг худалдан авах боломжтой бол харин "гэр бүл" хэмээх гоёлыг дахин худалдан авч хэзээ ч болохгүй... Тиймээс л байнгын анхаарал, халамж, тордолгоо хэрэгтэй байдаг.

Хамгийн чухал нь “гэр бүл” хэмээх гоёл миний дээд хэрэгцээнүүдийг хангаж, намайг хайрлан хүндэтгэж, өөрийгөө илэрхийлэх талбар болж, өсч хөгжихөд дэмжлэг туслалцаа болж байдаг. Өөр ямар ч гоёл тэгж чадахгүй...
Миний залуу нас, сэтгэл зүрх, хайр хүндэтгэл, итгэл гээд тоочиж баршгүй олон зүйлийн, хэмжээлшгүй их үнэ цэнээр олдоод, хамгийн их утга учрыг мэдрүүлж, хамгийн их баяр бахдал, сэтгэл ханамж, аз жаргалыг авчирч, амжилт бүтээлийн эх ундарга нь болж байдаг учир би “гэр бүл”-тэйдээ бахархаж, бас омогшиж явдаг. Тийм ч болохоор “гэр бүл”-ээрээ өөрийгөө чимэх дуртай.

“Гэр бүл” маань миний “Үнэт гоёл”.

No comments:

Post a Comment