Wednesday, August 4, 2010
Амьдрал гэдэг болзоо биш
Бид бүгд л бие биедээ дурлаж, дурласан сэтгэл хайр болон бадарч, улмаар болзоо... аз жаргал... мартагдашгүй дурсамжууд үргэлжилдэг.
Гэвч өнөөгийн ихэнх залуус маань хайртай гэх хүнтэйгээ хэдхэн удаа болзоод эсвэл гэр бүл болох гэдгийг болзоотойгоо адилхан хялбараар бодож гэр бүл болохоор шийдвэр гаргаж байна...
Гэр бүл болж хамт амьдрах, өөрийн амьдралаа зохиож, аав, ээж болох энэ амьдралд ямар асуудлууд үүсдэг, ямар хэрэгцээ, шаардлагууд гарч ирдэг, ямар бэрхшээл, саад тотгор, магадгүй зовлон хүлээж байдаг, тэр бүгдэд би бэлэн үү? гэдгийг ихэнх залуус өөрөөсөө асуудаггүй, тэр талаар боддоггүй. Өнөө л болзоотойгоо адилхан, халуун дотно үгсийг байнга сонсох мэт, хайр гэрэлтэж, баярлаж догдолсон инээмсэглэл мөнх байх мэт, болзоо адил цаг үргэлж хамт тэврэлдэн зогсох мэт, байнга зоогийн газар хооллож, байнга кино, үзвэр үзэж бие амар явах мэт... энэ мэтчилэн бүх л зүйл аяндаа сайн сайхан үргэлжлэх мэт санадаг.
Үүний хор уршгаар амьдрал там болон хувирах тохиолдол ч байдаг. Тухайлбал: Өдөржин ажлаа хийж ядраад, гэртээ харьж тайван амрах гэтэл гэр гэж нохойн хороо мэт, замбраагүй, муухай... дээрээс нь ажил хийгээд ирсэн хүнийг амраад ирсэн мэт аашилж, хол, ойрын зүйлд зарах, адилхан л хамт хийнэ гэж туйлшрах... ядарч ирээд сайхан хоол идэх гэтэл хоолой давахгүй бараг нохой ч тоож идэхгүй юм хийсэн байх... Хувцсаа солих гэтэл өнгөө алдсан, үрчийж арчийсан хэдэн хувцас... Бэр, эсвэл хүргэнийхээ муу тал, ажилгүй, анхиагүйг харж залхсан ээж, аавын зах хязгааргүйгээр үргэлжлэх үгс... өөр маш олон зүйлүүд ар араасаа үргэлжилнэ. Тухайлбал: Хардалт, атаархал,хагацал...
Амьдрал гэдэг бол болзоо биш ээ. Болзоон дээр цаг үргэлж баярлаж догдолж байдаг бол амьдрал дээр уурлах, бухимдах, гуниглах, сэтгэлээр унах гэх мэт сэтгэл хөдлөлийн өөр бусад үзэгдлүүд үзэгддэг. Болзоон дээр зоогийн газар хооллолдог бол амьдрал дээр гэртээ, ханийхаа хийсэн хоолыг идэх болно. Болзооны тэр хэдхэн минутанд баяр баясал, аз жаргал л учирдаг бол амьдрал урт учраас янз бүрийн л зүйл, тэр тусмаа үхэл, хагацал гэх мэт хүний орчлонд тохиолддог хамгийн хүнд зовлонтой ч нүүр тулж болно.
Тиймээс л амьдрал бол болзоо биш гэж гэр бүл болох гэж буй залуусдаа дахин дахин хэлье.
Эрхэм залуу эмэгтэй, эсвэл эрэгтэй хэн ч гэсэн гэр бүл болохын өмнө гэрлэх гэж буй хүнтэйгээ хамт сууж, бие биесийхээ хийж чаддаг болон чаддаггүй зүйл, сайхан болон муухай зан, давуу болон сул талуудыг цувуулан бичээд, тааламжгүй санагдсан хариулт бүрийн цаана ямар асуудлууд гарч ирж болох, тэрхүү асуудалд хэрхэн хандах хандлага, хамтдаа шийдэж чадах боломжуудаа тунгаан бодоорой.
Тухайлбал: эмэгтэй нь их унтах дуртай , тиймээс надад учирч болох асуудлууд нь өглөөний цайгүй ажилдаа явах, хүүхэд төрвөл өдөржин ажилд дарагдан ядарч ирсэн ч гэсэн шөнө босч хүүхдээ саатуулах, гэх мэт өөр ямар асуудлууд үүсч болохыг хамт цувуулан бичээд, хэрхэн яаж шийдэх шийдвэрээ бас олж бичнэ үү? Тааламжтай, сайхан хариултын ард ч мөн асуудал нуугдаж байдаг юм шүү. Жишээлбэл. Эхнэр, эсвэл нөхөр тань хэтэрхий өглөгч бол яах вэ? бодох л асуудал.
Ингээд магадгүй бүх зүйлд та хоёр хариултаа олж харж чадсан бол эхний ээлжинд болж байна гэсэн үг. Магадгүй бид амьдралд тохиолдох бүх зүйлийг олон хувилбараар нь авч үзэж чадахгүй хэдий ч ямартай ч эхний төсөөлөн, харж шийдвэрлэснээр гэр бүл болж болно. Харин хамт шийдвэрээ гаргаж, харилцан хайрлалцаж, гэр бүл болон, хамтын амьдралаа эхэлсэн л бол тооцоолоогүй асуудал гарч ирэх тухайн үед хамт байж, асуудлыг даван туулж чадна аа гэж бодож байна.
Ингээд шинээр гэр бүл болж буй бүх залуустаа амжилт хүсье.
Гэр бүл болно гэдэг олон асуудал, бэрхшээлтэй тулгарах, тэдгээр олон асуудалд зөвөөр хандах хандлага, хамтын маш их хариуцлага, маш их хариуцлагыг үүрдэг учраас маш их аз жаргал, бүр амтлаад амтлаад ханашгүй аз жаргалууд энэ бүгдийн нийлбэр байдаг юм шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment