Wednesday, August 4, 2010

Хоёр дахь дурлал

Гэр бүлтэй бүх хүмүүст зориулав

Би дурлачихжээ... тэр сайхан хүнд. Түүний дүр нүдэнд үзэгдэж, үнэр нь амьсгалтай минь хамт үнэртэж, шөнө зүүднээс салахгүй, өдөр бодлоос салахгүй сэтгэл догдлуулж, зүрх булгилуулаад байх юм. Би чамд хайртай гэж мянга мянган удаа зөвхөн өөртөө шивнэхээс өөр аргагүй, эзэнд нь хэлж болохгүй хоёр дахь дурлал...
Магадгүй зарим хүмүүсийн хувьд эзэнд нь хэлэхийг яарах л байсан байх, ямар ч учрал тохиолдоход өөрийгөө зөвтгөн дэмжиж улам бүр тэмүүлэх, эсвэл буруу талыг нь олж харан өөрийгөө хориглож, сэтгэлээ номхотгох хандлага аль аль нь байдаг болохоор тэр. Харин миний хувьд бол хоёрдох хандлагыг сонгож байна. Хэрвээ түүнд би чамд дурлачихжээ гээд хэлчихвэл тэр цагаас хойш түүнд тодорхой хэмжээний цагийг зарцуулж байх шаардлагатай болно. Учир нь бараг бүх л хүн тийм үгэнд дуртай бөгөөд ихэнх зүйлийн ирээдүйн хор уршгийг харж чаддаггүй болохоор тэр. Магад жоохон л алсыг харвал түүнд хэдий хэмжээгээр цаг зарж байна төдий хэмжээгээр гэр бүлдээ зарцуулдаг цаг минь багасч... тэр хэмжээгээр гэр бүлийхээ сайхан аз жаргалуудаас мэдрэхээ больж, магадгүй сайхан гэр бүлээ үгүй хийж ч болзошгүй. Тэгвэл миний үр хүүхдийн нүдэнд гуниг хуран, цоггүй болж, ухаан нь сэтгэхгүй болж улмаар итгэл нь мөхөж, сэтгэл нь үхэх болно. Тэр үед би аз жаргалтай хүн байж чадна гэж үү?

Тиймээс л би хоёр дахь хандлагыг сонгож байгаа юм. Би чинь сайхан гэр бүлтэй хүн. Би гэр бүлдээ хайртай, маш их хайртай. Миний хань, үр хүүхдүүд маань миний хувьд бүх зүйл маань. Бид мартагдашгүй, гайхалтай, үнэ цэнэтэй дурсамжаар дүүрэн амьдардаг. Гэр бүл гэдэг хэн бүхний бий болгож чаддаг өчүүхэн зүйл биш, маш их ухаан, тэвчээр, бас хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр бий болдог хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Харин хоёр дахь дурлалын хувьд бол зүгээр л нэг эсрэг хүйстэндээ татагддаг хүний хорвоогийн үзэгдэл. Сайн бас муу талтай. Хорвоод сайн, сайхан хүмүүс олон байдаг. Магадгүй би хоёр дахь хүнд сэтгэл алдарвал өөр бас хэн нэгэнд сэтгэл алдрахгүй гэх баталгаа байхгүй. Тэр болгонд дурлаад, өмнөх амьдралаа сүйтгэвэл би хэн болж хувирах вэ?. Тэр жинхэнэ амьдрал болж чадна гэж үү? Үгүй, Там болох биз.

Данзанравжаа хутагтын Шавь нартаа зориулсан сургаалийн
Учрахын урьд эр эм болсугай хэмээн хүсдэг,
Учрах сацуу элэг бөөр мэт үлэмж янагладаг
Удалгүй уйдах сэтгэл төрж, бие биеэсээ гэм эрэн хэрэлддэг
Олон бусдын эр эм сайн хэмээн гуниг сэтгэл төрдөг
гэсэн бадаг хүн гэдэг сайхан, бас муухай амьтны уйсах сэтгэл жолоогүй тухай өгүүлсэн байдаг. Эндээс харахад бидний ихэнхд маань уйсахын мунхаг сэтгэл нуугдаж байдаг. Тэрхүү мунхаг сэтгэлд хөтлөгдөн үйлдэл хийвээс ямар хор уршигт хүрэхийг дээр олоод харсан гэдэгт итгэж байна.
Харин хань ижлийнхээ бас өөрийнхөө уйсах сэтгэлийг дарж, үргэлж шинээр амьдрах боломж бололцоо, ухаан бас бидэнд байдаг. Тэр бол өөрийн ханьдаа дахин дурлаж, эсвэл ханиа өөртөө дахин дурлуулж амьдрах. Түүний тулд өөрийнхөө ханьтай учирч, догдолж байсан, бас бэрхшээлийг даван туулж сайн сайхныг бүтээж байсан үнэ цэнэтэй, гайхалтай дурсамжуудаа байнга сэргээн санаж, тийм дурсамжийнхаа тоог нэмж амьдрах, бас байнга өөрсддөө анхаарал тавьж, өөрсдийгөө хайрлан эрхлүүлж байх, биесдээ гэнэтийн бэлэг барьж байх, өөрсдийгөө эерэг, зөв, сайн талруу байнга өөрчилж байх, бүсгүйчүүдийн хувьд улам бүр гоё сайхан болох... гэх мэт олон арга байж болно. Үүний дараа өөрийнхөө хань ижлийг бодон Би дурлачихжээ... Би чамдаа дахин дурлачихаж. Чиний минь дүр нүдэнд үзэгдэж, үнэр нь амьсгалтай минь хамт үнэртэж, шөнө зүүднээс салахгүй, өдөр бодлоос салахгүй сэтгэл догдлуулж, зүрх булгилуулаад байх юм. Би чамдаа хайртай гэж өөрт нь дахин дахин хэлээрэй.
Тэгж чадан амьдарсан цагт та өөртөө болон гэр бүлдээ, бас эх орондоо үнэ цэнэтэй хүн нь байж чадна.

Сэтгэлзүйн шинжлэх ухаанд хүнийг эсрэг хүйстэндээ хөнгөхөн дурлаж, түүнээсээ эрч хүч, урам зориг, сэдэл тэмүүллээ сэлбэж байхыг санал болгодог. Харин хэзээ ч гүн дурлаж болохгүй. Тэгвэл баяр жаргалыг бус зовлон, бэрхшээлийг авчрах болно гэж зөвлөдөг.
Хүн өөрийн амьдралаа өөрөө л зурдаг. Хөнгөхөн дурлаж сэтгэлийн таашаалыг хүртэж байх, эсвэл гүн дурлаж сэтгэл зүрхээ шархлуулж, өөрийн болон өрөөлийн гэр бүлийг сүйтгэх бүх үр дагавар бидний шийдвэрээс шалтгаалдаг болохоор бид мунхаг сэтгэлийнхээ боол нь бус эзэн нь байж, жоохон л ухаан гаргаснаар зөв шийдвэр гаргаж үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдралыг бүтээж чадна.

No comments:

Post a Comment