Thursday, August 26, 2010
Бээжингээс мэдэрсэн мэдрэмж
2010 оны 8 р сард ажлын шугамаар Бээжин яваад ирлээ. Өглөө 6 цагт Бээжинрүү орсон бөгөөд тэр үед хэдэн арван километр цуваа үүсгэн наашаа зөрж байгаа ачаатай, ачаагүй, урьд өмнө харж байгаагүй том том ачааны машинууд тасралтгүйгээр цувж байгаа нь нэг талаар бахархах сэтгэл төрүүлж байлаа. Хөдөөнөөс Улаанбаатар хотруу үүрээр орж ирэхэд бараг л нам гүм байдаг болохоор тэр. Ямар хөдөлмөрч хүмүүс вэ? гэж бодогдож байлаа. гайхалтай...
Бээжин хотруу ороод ирлээ... газар доорх метроны зам, газар дээрх учрыг нь хараад ойлгохгүй олон салаа уулзвартай замууд, агаарт гүүр үүсгэн сүлжилдсэн 5,6 н давхар замууд... өндөр, маш өндөр барилгууд, өнгө өнгөөр алагласан зүлэг ногоо, цэцэгс өөрийн эрхгүй хараа булааж,сэтгэл баясгаж байлаа... бас гайхалтай...
Анх удаа хоёр автобусыг холбосон мэт урт автобус, хоёр давхартай автобус гэх мэт урьд өмнө үзэж хараагүй олон зүйл үзлээ. Түүнээс гадна хотоор явж байгаа, миний харсан бүх машинууд Япон, Германы нэртэй брэндийх байсан ч гэсэн бүгд л Хятад улсдаа үйлдвэрлэгдсэн машинууд байсан нь үнэхээр гайхалтай байлаа. Хятад улсын бодлого тэр гэнэ. Гаднаас машин оруулж ирдэггүй, эрхийг нь аваад өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг. Бараг импорт гэдгийг мэддэггүй улс гэнэ. Хэрэгтэй бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдийн зүйлээ өөрсдөө хэрэглэхээс гадна хамгийн хүчтэй экспортлогч улс... бас гайхалтай.
Хүмүүс нь хөгшин залуугүй нийтээрээ өглөө эрт босч, гадаах талбайдаа гаран гимнастик хийж байгаа нь бас гайхалтай харагдлаа. Нэг нэлээд настай эмээ бүр сунгалтын дасгал хийгээд зогсч байсан гээч.
Амьтны парк үзлээ... Африк, Америк бараг бүх л тивд байдаг амьтдыг гайхалтайгаар байршуулж, гайхалтай үүр засч өгч, гайхалтайгаар тохижуулжээ. Арслан, бар, заан, анааш, панда, матар, могой, усны үхэр, шувууд, сармагчин... бүгд л гайхалтай байлаа.
Их хотын хөгжил дэвшил, хүн зоны амгалан тайван байдал бүгд гайхалтай... Гэвч би тэнд хоёр шөнө, гурван өдрийг өнгөрүүлэхдээ маш ихээр уйтгарлан, сэтгэл бүр бүүдийчихлээ. Учир нь тэр миний гайхалтай гэж шохоорхон харж байсан зүйлс нэг л хормын баяслыг төрүүлж байсан болохоос урт удаан хугацааны баяр жаргалыг төрүүлэхгүй байлаа. Яагаад???
Өглөө босонгуутаа нүдээ онийлгон нарлуу харж, нарны алтрах туяанаас гайхалтай мэдрэмжийг мэдэрч эрч хүчээ сэлбэдэг миний сэтгэлд нар, хөх цэнхэр тэнгэр маань үгүйлэгдэж байлаа. Бээжингийн тэнгэр зэгэл саарал, манан татчихсан мэт бүүдийсэн өнгөтэй бөгөөд нартай өдөр нь ч нар гарч байгаа нь мэдэгдэхгүй, үргэлжилсэн саарал зүйлийн цаанаас бүүдийн харагддаг болохоор миний алган дээр нарны алтан цацраг тусахгүй байлаа...
Үнэндээ өнгө өнгөөр солонгорон ургах зүлэг, ногоо цэцэгс нь ямар ч үнэргүй болохоор сэтгэлд хүрсэнгүй... Амьсгалж байгаа агаар нь өөрт мэдрэгдэхгүй, би амьд байна уу? гэж өөрөөсөө асуумаар санагдуулж байлаа.
Мөн чанартаа амьсгалах тоолондоо, харах бүртээ, мэдрэх болгондоо жинхэнэ гайхалтай хэмээн дуу алддаг миний эх орон жинхэнэ гайхамшиг байсныг би улам бүр мэдэрлээ.
Бээжингээс эх оронруугаа орж ирэх үедээ өглөө вагоны цонхоор цэнхэртэн харагдах цэлмэг тэнгэр, туяаран орж ирж байгаа нарны алтан цацрагийг нүдээ онийлгон харж, өөрийн эрхгүй гүнзгий санаа алдан, сэтгэл бөглөсөн том хар чулуу унах шиг л болж, гайхалтай аз жаргалыг дахин мэдэрч, би эх орондоо хайртай, маш их хайртай гэж шивнэхэд өөрийн эрхгүй нулимс торж байлаа... Аз жаргал, жинхэнэ гайхамшгийг олж харсан миний сэтгэл.
Хүн гагцхүү эх орондоо л хамгийн тайван, аюулгүй, найдвартай хамгаалалтанд байж чаддаг юм байна. Харийн улс бол харийн л улс. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэйг, тэр тусмаа Монголын сайхан орон минь үнэхээр гайхалтай сайхан орон болохыг чин зүрх сэтгэлээсээ мэдэрч, мэдэж авсандаа баяртай байна. Миний эх орны мөнх тэнгэр, алтан нар, цэнгэг агаар, цэвэр ус, аюулгүй тайван орчин...энэ бүхний үнэ цэнийг мэдрүүлсэн Бээжин хотдоо баярлалаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment