Saturday, February 5, 2011

Цагаан сарын "Гарын бэлэг"


Монголчууд бидний хаана ч байхгүй өгөөмөр сэтгэл, тусч зан чанар дэлхийн талыг эзэлсэн ИХ ГҮРЭН г байгуулахад чухал байр суурийг эзэлсэн гэж би боддог. Тэмүүжинг 8 шаргаа алдаад, хөлд дүүжлэх унаагүй болчихоод явж байхад Боорчи тааран, ядарч яваа танихгүй нөхрийн төлөө хариулж явсан сүргээ эзэнгүй орхин, амиараа дэнчин тавьж, найман шаргыг нь ололцож өгч байсан түүхтэй.

Монголчууд бид бусдын тусыг ч тусаар хариулахыг мэддэг, аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ хэмээсэн сайхан үгийг мөрдлөг болгодог ард түмэн. Бусдаас авахыг бус өгөхийг боддог манай ард түмнийг буян заяа түшиж, өгснийх нь хэрээр эд хөрөнгө нь үржин дэлгэрч, улам бүр сайн сайхан амьдарцгааж, орсон бол гардаг, гарсан бол ордог хорвоо ертөнцийн хуулийг батлан харуулна.

Цагаан сарын баяр гэж ахмаддаа хүндэтгэл үзүүлж тохойг нь өргөн золгодог баяр, амны билэгээс ашдын билэг хэмээн үздэг манай ард түмний ерөөлийн сайхан үгсээр хур буулгадаг баяр, халуун цустай, өтгөн цөстэй монголчуудын үе удмынхантайгаа танилцан, хамаатнаа мэдэлцдэг баяр, бүтэн жил олох,авахын төлөө ажиллаж амьдарсаны хариу болгож бусдад үйлчилж, бусдыг баярлуулан буян хураадаг баяр.

Учир нь шинийн 15 хүртэлх хугацаанд хийсэн буян хэд дахин арвижин ирдэг гэдэг. Тиймээс
цагаан сарын бэлтгэл ажил, гарын бэлэг эн тэр бол нэг талаасаа бусдад өгч буй, бусдын төлөө хийж буй боловч нөгөө талаас нь харвал өөрийнхөө төлөө л хурааж буй буян билээ. Тиймээс аль болох удаан эдэлгээтэй, чанартай, хүнд хор болохгүй сайн сайхан зүйлийг бие биесдээ бэлэг болгон өгөх нь өөрийнхөө ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж бодон харахад том боловч чанаргүй, хэврэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь бус жижиг, чанартай, удаан эдэлгээтэй, хүний биед элдэв сөрөг нөлөөгүй, идэхдээ болон эдлэж, хэрэглэх бүртээ баясаж, баярлан догдолхуйц бэлгийг сонгож байхыг уриалж байна.

Үзэгдлийг бус мөн чанарыг эрхэмлэдэг манай ард түмэнд хэрэгцээгүй олон том хог бус хэрэгцээтэй жижигхэн бэлэг л хэрэгтэй гэдгийг ухаараарай.

Tuesday, November 30, 2010

Өөртөө үнэнч байж, үнэ цэнэтэй амьдралыг бүтээцгээе


Өнөөдөр 12 дугаар сарын 1, дэлхий нийтээрээ хайртдаа үнэнч байхыг уриалдаг өдөр.
Харин миний хувьд хайртдаа бус өөртөө үнэнч байж, үнэ цэнэтэй сайн сайхан амьдралыг цогцлоон босгохыг уриалж байна.

Миний хайрт нөхөр, хань ижил гэдэг бол угтаа би өөрөө л юм. Аливаа эмэгтэйг нөхрөөр нь, эрэгтэйг эхнэрээр нь шинждэг ёс миний сайхан оронд байдаг. Түүнчлэн манай Монгол ёсонд эхнэр, нөхөр хоёрыг нэг хүн гэж үздэг учир цагаан сараар хоорондоо золгодоггүй уламжлалтай. Тиймээс миний нөхөр бол би, харин би бол миний нөхөр юм.

Бид нэгэн бие болж, нэгэн амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, өөрсдийн ирээдүйн амар амгалан, урт удаан аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа тэмүүлэлтэйгээр ажилладаг учир бид хоёрын хэн нэгэнтэй холбоотой бүх зүйл хэн хэнд маань хамаатай, бидний амьдралын доройтох, өөдлөхын шалтгаан болон оршиж байдаг.

Тиймээс хань ижлээ хуурна гэдэг бол угтаа өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг хуурч буйтай адилхан. Та бидний өөрийгөө хуурсан сэтгэл биднийг харалган болгодог. Бид өөрийнхөө нүдийг боочихоод хэр хол явж чадах вэ? хэр зэрэг саадыг давж чадах уу? Яг л үүнтэй адил. Бидний үнэнч байдал, үнэ цэнээ мэдэрч, итгэлтэйгээр, нүүр бардам урагш тэмүүлэх амьдрал биднийг аз жаргалын хөлөг онгоцонд суулгаж, хүссэн сэтгэл ханамжаа эдлэх боломж олгодог.

Ийм л учраас ирээдүйн аз жаргалтай, үнэ цэнэтэй, урт удаан, сайн сайхан амьдралынхаа төлөө ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙЦГААЯ.

Saturday, November 27, 2010

Хайрт дүү нартаа баярлалаа



Би их азтай хүн. Байнга шинийг санаачилж, бусдын алхсан мөрөөр бус цоо шинэ мөр гарган бусдыг араасаа дагуулдаг олон сайхан дүү нар минь миний бахархал. Тэд бол 2008 онд "Яруу сэтгэгч" сонины эрхлэгч, дүү Лувсандоржтойгоо хамтран, ХӨГЖИЛ хүний хөгжлийн төвөө байгуулан 2 жил орчим уйгагүй хөдөлмөрлөсний минь үр дүн. Миний хайртай, сайхан дүү нар минь, та бүгдэдээ эгч нь хайртай.
Хөгжил төвийн дүү нар маань үнэхээр сэтгэж чаддаг, хийж чаддаг мундаг хүүхдүүд байдаг. Тэдний нэг нь хоёрдугаар курсээсээ л ТББ байгуулан, Гадаад хэлний сургалтын төвөө нээж, өнөөг хүртэл байнга шинийг сэтгэн санаачилж, хийж бүтээж яваа ажил хэрэгч мундаг бүсгүй. Нөгөө нь нэг компанид менежерээр ороод ганц, хоёрхон сар ажлаад дэд захирал болж дэвшиж байсан чадалтай, бас чадвартай бүсгүй, бас нэг дүү маань Анагаахын зургаадугаар курс боловч хүмүүсийг өвчилсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарал тавин, эрүүл амьдрах боломжийг судалж, ихийг санаачлан хийдэг бүсгүй байгаа... энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй олон сайхан дүү нар надад байна.

Тэд маань ажил дээр ирж зөвлөгөө өглөө. Хүн бүхэн завгүй болсон энэ цаг үед нөр их ажлынхаа хажуугаар сэтгэл зүрхээрээ зав гарган ирж, шинэ ажилд минь үнэтэй зөвлөгөө өгсөн хайрт дүү нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Та нарын минь санаачлан хийж байгаа ажил бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Хайртай шүү. АМЖИЛТ

Sunday, October 17, 2010

Муу зан үйлээ ялан дийлэх ХЭТРҮҮЛГИЙН АРГА



Бид бүхэнд муу зан үйл, муу хандлага, муу зуршилууд тодорхой хэмжээгээр байдаг. Муу зүйлээс сайн сайхан, аз жаргал, сэтгэл ханамжийг өнө мөнхөд авч чадахгүй. Бид муу зүйл, муу зан үйл, муу хандлагаа эртхэн гээгээгүйгээс болж том хор уршгийг хүртдэг.

Тухайлбал: Ажлаас хоцордог зуршил тань амжилтаас хоцрооно, хардамхай сэтгэл тань гэр бүлийн аз жаргалыг мөхөөнө, гэх мэт

Тэгвэл тэр сөрөг хандлага, муу зуршил, муухай зангаасаа салах арга байна. Тухайн зүйлийн хор уршиг, ирээдүйд ирэх сөрөг үр дагаврыг хэтрүүлэн бодох, эсвэл олон тоон дээр аваачих, хүн бүхэн ингэвэл яах вэ? гэсэн өнцгөөс нь харах, улмаар өөрийгөө сайн сайхан цэг дээр тавьж томоор төсөөлснөөр муу бүхнээсээ салж болно. Та туршаад үзээрэй.

Жишээлбэл: Чихэр идээд цаасаа газар хаях гэж буй хүн: хүн бүхэн над шиг чихэр идээд цаасаа хаяад байвал бид хогон дунд өөрсдөө хогийн сав болж амьдрах бус уу? гээд бодоход л зөвхөн хогийн саванд хаяж байх сэдэл төрж байгаа биз? Түүнчлэн тамхи татаж буй хүмүүс, нэн ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд Монгол эмэгтэй хүн бүхэн тамхи татан, магадгүй бүгд үргүй болвол яах вэ? Монгол улс мөхөх бус уу? тийм ээ би эх орноо өөрийн мунхаг сэтгэлээр үгүй хиймээргүй байна гэж бодоход хангалттай.

Түүнээс гадна өөрийнхөө ирээдүйн хүсч буй хамгийн өндөр цэг дээрээ байгаагаар төсөөлөх. Тухайлбал: Би чинь алдарт сурган хүмүүжүүлэгч байж, алдарт жүжигчин байж, алдарт зохион бүтээгч байж, ..... ингэж болно гэж үү? гэсэн хандлагаар хандахад л дотроос чинь өөрийн эрхгүй муу зүйлсийг үгүйсгэн, зөв зүйлийг хийгээд эхлэнэ.

Monday, September 27, 2010

Аливаа эхлэл... ажлын 50%

Аргын тооллын 2010.09.25 ны өдөр буюу билгийн тооллоор намрын дунд сарын 17 ны билэгт сайн өдөр урт хугацаагаар хүсэн мөрөөдөж байсан ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийнхөө нээлтийг хийлээ.



Амьдрал гэдэг бол уул, бид удаан өгсөж, хурдан урууддаг... энэ бол манай Хөгжил клубыхны хэлэх дуртай үгсийн нэг. Бид амьдралдаа маш олон уулыг давдаг. Зарим нь намхан, зарим нь өндөр, зарим нь оройг нь харахаас ч үл зүрхлэмээр... Тодруулбал бидний зорилготой адил. Том,жижиг олон янзын зорилгууд...

Миний хувьд амьдралдаа давах ёстой том давааны маань нэг яах аргагүй хүүхдийн хөгжлийн төв билээ. Эрхэм зорилго маань хүүхэд бүхний зүрх сэтгэлд хүрч ажиллах. Би тэдний аз жаргалтай, сэтгэл хангалуун, гал цогтой нүдийг харах дуртай. Хүүхэд бүхний цэвэр ариун зүрх сэтгэлийг хэвээр хадгалан, сэтгэлийн болоод харилцааны өндөр боловсролтой, амьдралын зорилготой, эх оронч сэтгэлгээтэй байж, өөрөө өөрийнхөө болон эх орныхоо жинхэнэ эзэн нь болгож өсгөхийн төлөө өөрийн бүхий л оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллах болно.

Миний амьдралдаа давах учиртай хамгийн өндөр уулруугаа авирах маш хүнд аялал яг одоо, эндээс эхэлж байна... Өмнө минь олон янзын саад бэрхшээлүүд гарч ирнэ. Гэсэн хэдий ч би өөрөө өөрийнхөө, оюун санаа, сэтгэл зүрхнийхээ эзэн нь байж чаддаг учир Миний үнэт зүйлрүү хэн ч халдаж үл чадна. Аливаа эхлэл аливаа зүйлийн тавин хувь нь байдаг. Тиймээс талд нь хүртэл авирсан энэ өндөр оргилруу хамаг хүчээрээ авирах болно.
Өөртөө амжилт хүсье.

Thursday, August 26, 2010

Бээжингээс мэдэрсэн мэдрэмж


2010 оны 8 р сард ажлын шугамаар Бээжин яваад ирлээ. Өглөө 6 цагт Бээжинрүү орсон бөгөөд тэр үед хэдэн арван километр цуваа үүсгэн наашаа зөрж байгаа ачаатай, ачаагүй, урьд өмнө харж байгаагүй том том ачааны машинууд тасралтгүйгээр цувж байгаа нь нэг талаар бахархах сэтгэл төрүүлж байлаа. Хөдөөнөөс Улаанбаатар хотруу үүрээр орж ирэхэд бараг л нам гүм байдаг болохоор тэр. Ямар хөдөлмөрч хүмүүс вэ? гэж бодогдож байлаа. гайхалтай...


Бээжин хотруу ороод ирлээ... газар доорх метроны зам, газар дээрх учрыг нь хараад ойлгохгүй олон салаа уулзвартай замууд, агаарт гүүр үүсгэн сүлжилдсэн 5,6 н давхар замууд... өндөр, маш өндөр барилгууд, өнгө өнгөөр алагласан зүлэг ногоо, цэцэгс өөрийн эрхгүй хараа булааж,сэтгэл баясгаж байлаа... бас гайхалтай...


Анх удаа хоёр автобусыг холбосон мэт урт автобус, хоёр давхартай автобус гэх мэт урьд өмнө үзэж хараагүй олон зүйл үзлээ. Түүнээс гадна хотоор явж байгаа, миний харсан бүх машинууд Япон, Германы нэртэй брэндийх байсан ч гэсэн бүгд л Хятад улсдаа үйлдвэрлэгдсэн машинууд байсан нь үнэхээр гайхалтай байлаа. Хятад улсын бодлого тэр гэнэ. Гаднаас машин оруулж ирдэггүй, эрхийг нь аваад өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг. Бараг импорт гэдгийг мэддэггүй улс гэнэ. Хэрэгтэй бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдийн зүйлээ өөрсдөө хэрэглэхээс гадна хамгийн хүчтэй экспортлогч улс... бас гайхалтай.

Хүмүүс нь хөгшин залуугүй нийтээрээ өглөө эрт босч, гадаах талбайдаа гаран гимнастик хийж байгаа нь бас гайхалтай харагдлаа. Нэг нэлээд настай эмээ бүр сунгалтын дасгал хийгээд зогсч байсан гээч.

Амьтны парк үзлээ... Африк, Америк бараг бүх л тивд байдаг амьтдыг гайхалтайгаар байршуулж, гайхалтай үүр засч өгч, гайхалтайгаар тохижуулжээ. Арслан, бар, заан, анааш, панда, матар, могой, усны үхэр, шувууд, сармагчин... бүгд л гайхалтай байлаа.








Их хотын хөгжил дэвшил, хүн зоны амгалан тайван байдал бүгд гайхалтай... Гэвч би тэнд хоёр шөнө, гурван өдрийг өнгөрүүлэхдээ маш ихээр уйтгарлан, сэтгэл бүр бүүдийчихлээ. Учир нь тэр миний гайхалтай гэж шохоорхон харж байсан зүйлс нэг л хормын баяслыг төрүүлж байсан болохоос урт удаан хугацааны баяр жаргалыг төрүүлэхгүй байлаа. Яагаад???

Өглөө босонгуутаа нүдээ онийлгон нарлуу харж, нарны алтрах туяанаас гайхалтай мэдрэмжийг мэдэрч эрч хүчээ сэлбэдэг миний сэтгэлд нар, хөх цэнхэр тэнгэр маань үгүйлэгдэж байлаа. Бээжингийн тэнгэр зэгэл саарал, манан татчихсан мэт бүүдийсэн өнгөтэй бөгөөд нартай өдөр нь ч нар гарч байгаа нь мэдэгдэхгүй, үргэлжилсэн саарал зүйлийн цаанаас бүүдийн харагддаг болохоор миний алган дээр нарны алтан цацраг тусахгүй байлаа...
Үнэндээ өнгө өнгөөр солонгорон ургах зүлэг, ногоо цэцэгс нь ямар ч үнэргүй болохоор сэтгэлд хүрсэнгүй... Амьсгалж байгаа агаар нь өөрт мэдрэгдэхгүй, би амьд байна уу? гэж өөрөөсөө асуумаар санагдуулж байлаа.

Мөн чанартаа амьсгалах тоолондоо, харах бүртээ, мэдрэх болгондоо жинхэнэ гайхалтай хэмээн дуу алддаг миний эх орон жинхэнэ гайхамшиг байсныг би улам бүр мэдэрлээ.

Бээжингээс эх оронруугаа орж ирэх үедээ өглөө вагоны цонхоор цэнхэртэн харагдах цэлмэг тэнгэр, туяаран орж ирж байгаа нарны алтан цацрагийг нүдээ онийлгон харж, өөрийн эрхгүй гүнзгий санаа алдан, сэтгэл бөглөсөн том хар чулуу унах шиг л болж, гайхалтай аз жаргалыг дахин мэдэрч, би эх орондоо хайртай, маш их хайртай гэж шивнэхэд өөрийн эрхгүй нулимс торж байлаа... Аз жаргал, жинхэнэ гайхамшгийг олж харсан миний сэтгэл.

Хүн гагцхүү эх орондоо л хамгийн тайван, аюулгүй, найдвартай хамгаалалтанд байж чаддаг юм байна. Харийн улс бол харийн л улс. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэйг, тэр тусмаа Монголын сайхан орон минь үнэхээр гайхалтай сайхан орон болохыг чин зүрх сэтгэлээсээ мэдэрч, мэдэж авсандаа баяртай байна. Миний эх орны мөнх тэнгэр, алтан нар, цэнгэг агаар, цэвэр ус, аюулгүй тайван орчин...энэ бүхний үнэ цэнийг мэдрүүлсэн Бээжин хотдоо баярлалаа.

Wednesday, August 4, 2010

Хоёр дахь дурлал

Гэр бүлтэй бүх хүмүүст зориулав

Би дурлачихжээ... тэр сайхан хүнд. Түүний дүр нүдэнд үзэгдэж, үнэр нь амьсгалтай минь хамт үнэртэж, шөнө зүүднээс салахгүй, өдөр бодлоос салахгүй сэтгэл догдлуулж, зүрх булгилуулаад байх юм. Би чамд хайртай гэж мянга мянган удаа зөвхөн өөртөө шивнэхээс өөр аргагүй, эзэнд нь хэлж болохгүй хоёр дахь дурлал...
Магадгүй зарим хүмүүсийн хувьд эзэнд нь хэлэхийг яарах л байсан байх, ямар ч учрал тохиолдоход өөрийгөө зөвтгөн дэмжиж улам бүр тэмүүлэх, эсвэл буруу талыг нь олж харан өөрийгөө хориглож, сэтгэлээ номхотгох хандлага аль аль нь байдаг болохоор тэр. Харин миний хувьд бол хоёрдох хандлагыг сонгож байна. Хэрвээ түүнд би чамд дурлачихжээ гээд хэлчихвэл тэр цагаас хойш түүнд тодорхой хэмжээний цагийг зарцуулж байх шаардлагатай болно. Учир нь бараг бүх л хүн тийм үгэнд дуртай бөгөөд ихэнх зүйлийн ирээдүйн хор уршгийг харж чаддаггүй болохоор тэр. Магад жоохон л алсыг харвал түүнд хэдий хэмжээгээр цаг зарж байна төдий хэмжээгээр гэр бүлдээ зарцуулдаг цаг минь багасч... тэр хэмжээгээр гэр бүлийхээ сайхан аз жаргалуудаас мэдрэхээ больж, магадгүй сайхан гэр бүлээ үгүй хийж ч болзошгүй. Тэгвэл миний үр хүүхдийн нүдэнд гуниг хуран, цоггүй болж, ухаан нь сэтгэхгүй болж улмаар итгэл нь мөхөж, сэтгэл нь үхэх болно. Тэр үед би аз жаргалтай хүн байж чадна гэж үү?

Тиймээс л би хоёр дахь хандлагыг сонгож байгаа юм. Би чинь сайхан гэр бүлтэй хүн. Би гэр бүлдээ хайртай, маш их хайртай. Миний хань, үр хүүхдүүд маань миний хувьд бүх зүйл маань. Бид мартагдашгүй, гайхалтай, үнэ цэнэтэй дурсамжаар дүүрэн амьдардаг. Гэр бүл гэдэг хэн бүхний бий болгож чаддаг өчүүхэн зүйл биш, маш их ухаан, тэвчээр, бас хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр бий болдог хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Харин хоёр дахь дурлалын хувьд бол зүгээр л нэг эсрэг хүйстэндээ татагддаг хүний хорвоогийн үзэгдэл. Сайн бас муу талтай. Хорвоод сайн, сайхан хүмүүс олон байдаг. Магадгүй би хоёр дахь хүнд сэтгэл алдарвал өөр бас хэн нэгэнд сэтгэл алдрахгүй гэх баталгаа байхгүй. Тэр болгонд дурлаад, өмнөх амьдралаа сүйтгэвэл би хэн болж хувирах вэ?. Тэр жинхэнэ амьдрал болж чадна гэж үү? Үгүй, Там болох биз.

Данзанравжаа хутагтын Шавь нартаа зориулсан сургаалийн
Учрахын урьд эр эм болсугай хэмээн хүсдэг,
Учрах сацуу элэг бөөр мэт үлэмж янагладаг
Удалгүй уйдах сэтгэл төрж, бие биеэсээ гэм эрэн хэрэлддэг
Олон бусдын эр эм сайн хэмээн гуниг сэтгэл төрдөг
гэсэн бадаг хүн гэдэг сайхан, бас муухай амьтны уйсах сэтгэл жолоогүй тухай өгүүлсэн байдаг. Эндээс харахад бидний ихэнхд маань уйсахын мунхаг сэтгэл нуугдаж байдаг. Тэрхүү мунхаг сэтгэлд хөтлөгдөн үйлдэл хийвээс ямар хор уршигт хүрэхийг дээр олоод харсан гэдэгт итгэж байна.
Харин хань ижлийнхээ бас өөрийнхөө уйсах сэтгэлийг дарж, үргэлж шинээр амьдрах боломж бололцоо, ухаан бас бидэнд байдаг. Тэр бол өөрийн ханьдаа дахин дурлаж, эсвэл ханиа өөртөө дахин дурлуулж амьдрах. Түүний тулд өөрийнхөө ханьтай учирч, догдолж байсан, бас бэрхшээлийг даван туулж сайн сайхныг бүтээж байсан үнэ цэнэтэй, гайхалтай дурсамжуудаа байнга сэргээн санаж, тийм дурсамжийнхаа тоог нэмж амьдрах, бас байнга өөрсддөө анхаарал тавьж, өөрсдийгөө хайрлан эрхлүүлж байх, биесдээ гэнэтийн бэлэг барьж байх, өөрсдийгөө эерэг, зөв, сайн талруу байнга өөрчилж байх, бүсгүйчүүдийн хувьд улам бүр гоё сайхан болох... гэх мэт олон арга байж болно. Үүний дараа өөрийнхөө хань ижлийг бодон Би дурлачихжээ... Би чамдаа дахин дурлачихаж. Чиний минь дүр нүдэнд үзэгдэж, үнэр нь амьсгалтай минь хамт үнэртэж, шөнө зүүднээс салахгүй, өдөр бодлоос салахгүй сэтгэл догдлуулж, зүрх булгилуулаад байх юм. Би чамдаа хайртай гэж өөрт нь дахин дахин хэлээрэй.
Тэгж чадан амьдарсан цагт та өөртөө болон гэр бүлдээ, бас эх орондоо үнэ цэнэтэй хүн нь байж чадна.

Сэтгэлзүйн шинжлэх ухаанд хүнийг эсрэг хүйстэндээ хөнгөхөн дурлаж, түүнээсээ эрч хүч, урам зориг, сэдэл тэмүүллээ сэлбэж байхыг санал болгодог. Харин хэзээ ч гүн дурлаж болохгүй. Тэгвэл баяр жаргалыг бус зовлон, бэрхшээлийг авчрах болно гэж зөвлөдөг.
Хүн өөрийн амьдралаа өөрөө л зурдаг. Хөнгөхөн дурлаж сэтгэлийн таашаалыг хүртэж байх, эсвэл гүн дурлаж сэтгэл зүрхээ шархлуулж, өөрийн болон өрөөлийн гэр бүлийг сүйтгэх бүх үр дагавар бидний шийдвэрээс шалтгаалдаг болохоор бид мунхаг сэтгэлийнхээ боол нь бус эзэн нь байж, жоохон л ухаан гаргаснаар зөв шийдвэр гаргаж үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдралыг бүтээж чадна.